Back

«Халхын гол-1939» Орос-Монголын хамтарсан түүхэн баримтуудын үзэсгэлэн нээгдэв

«Халхын гол-1939» Орос-Монголын хамтарсан түүхэн баримтуудын үзэсгэлэн нээгдэв

Эх сурвалж: historyrussia.org

Энэ жил Халхын гол дээр хамтын хүчээр байгуулсан Ялалтын 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд Орос болон Монгол улсууд түүнд онцгой ач холбогдол өгдөг билээ. Түүний хүрээнд олон тооны боловсрол, шинжлэх ухаан, гэгээрлийн арга хэмжээнүүд зохион байгуулсан ба Ялалтын баярт оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын өмнөх өдөр нээлт нь болсон «Халхын-Гол-1939» Орос, Монголын хамтарсан түүхэн баримтуудын үзэсгэлэн тэдгээр арга хэмжээнүүдийн нэг юм.

Ёслолын ажиллагаа нь 9-р сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Үндэсний түүхийн музейн байранд болсон ба түүнд Холбооны архивын газрын орлогч дарга А.В.Юрасов, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Монгол Улсын Батлан ​​хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Архивын ерөнхий газрын орлогч дарга Г.Цэрэндорж, Батлан ​​хамгаалах яамны дэргэдэх Төв архивын дарга Э.Зулаа, Монгол Улсын Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн А.С.Цыденов, Эрхүү мужийн Архивын газрын дарга С.Г.Овчинников зэрэг хоёр орны төлөөлөгчид өргөнөөр оролцов.

«Халхын гол дээр болсон тэрхүү үйл явдлууд нь олон улсын болон түүхэн асар их ач холбогдолтой байсан ба байсаар байгаа учир түүний тухай дурсамжийг хадгалах хэрэгтэй» хэмээн ОХУ-ын Архивын газрын орлогч дарга Андрей Юрасов өөрийн хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. «Юуны түрүүнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлт Холбоот Улс хэмээх хоёр холбоотон нь фашизмын эсрэг чиглэсэн хүчээ нэгтгэн, хамтын хүчин чармайлтын ачаар Японы түрэмгийллийг дэлхийн стратегийн хувьд маш чухал бүс нутаг болох Төв Азид зогсоож чадсан билээ» хэмээн тэр хэллээ.

Үзэсгэлэнд Оросын Төрийн цэргийн архив, Оросын кино, гэрэл зургийн баримтын төв архив, мөн Монгол Улсын Үндэсний архивын газрын дэлгэсэн материалууд багтжээ.