Back

2019 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Дорнод аймгийн Халхын гол суманд 1939 оны тулалдаануудад амиа алдсан Зөвлөлтийн 25 цэргийн цогцсыг булшлах ёслол болж өнгөрөв.

2019 оны 6-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Дорнод аймгийн Халхын гол суманд 1939 оны тулалдаануудад амиа алдсан Зөвлөлтийн 25 цэргийн цогцсыг булшлах ёслол болж өнгөрөв. Тэднийг Халхын голын ойролцоох байлдааны талбаруудад хийсэн эрэл хайгуулын ажлын хүрээнд олсон ба тэдний дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааг Оросын Холбооны Улсын «Халхын-Гол 2019» эрэл хайгуулын хамтарсан отрядын экспедицийн гишүүд хийж гүйцэтгэв. Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид, мөн Монгол Улсын Хилийн цэргийн албан хаагчид хүндэт харуулаар оролцов.

Экспедицийн хүрээнд агаарын тулалдааны үеэр онгоцнууд осолдсон газруудад сөнөөгч онгоцны нисгэгчид болох дэслэгч Савин, бага дэслэгч Стародубцев нарын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг босголоо. «90 баатар» дурсгалын газарт «Халхын голын Панфиловчууд» хэмээн алдаршсан Ремизовын 149-р мотобуудлагын хорооны их буучдад зориулсан дурсгалын самбарыг байрлуулав. Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнүүдийн орчин тойрны газруудыг цэвэрлэв. Халх гол суманд АТУА, МАХЦ-ийн болон Яковлевын 11-р танкийн бригадын дайчдын дурсгалд зориулсан хөшөөнүүдэд цэцэг өргөв. Түүнчлэн Дорнод аймгийн засаг захиргааны төв болох Чойбалсан хотод зарим дурсгалын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Тухайлбал, Зөвлөлтийн нисэгчдийн, маршал Х.Чойбалсангийн, Николай Гастеллогийн, Кукушкиний дурсгалд зориулсан хөшөөнүүд болон Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанууд болж өнгөрөв.