Web Content Display

Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагч нарыг Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт томилох ба байх

ДҮРЭМ

(2002 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн өөрчлөлттөй)

1. Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт томилгоотой  гадаадын болон Тусгаар Улсуудын Нөхөрлөлийн орнуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагч нарын эрх зүйн байдал ба мэргэжлийн үйл ажиллагаа нь Оросын Холбооны Улсын олон улсын гэрээ, Оросын Холбооны Улсын  «Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай» хууль ба  Оросын Холбооны Улсын  бусад хууль тогтоомжийн актуудаар, мөн энэхүү Дүрмээр зохицуулагдана.

2. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчоог Оросын Холбооны Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны (цаашид ОХУ-ын ГХЯ гэнэ) зөвшөөрлийн дагуу нээнэ.

3. Гадаадын сурвалжлагч нарыг Оросын Холбооны Улсад тус улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол ОХУ-ын Гадаад хэргийн яам Оросын Холбооны Улсын  «Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай» хуулийн 48, 55 дугаар зүйлд заасны дагуу томилно.

 4. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчоог нээх тухай хүсэлтийг түүний удирдлага нь шууд ОХУ-ын ГХЯ-нд эсвэл тухайн улсад суугаа Оросын Холбооны Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гаргана.

* Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчоог нээх, сурвалжлагчийг томилох тухай хүсэлт нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагын гарын үсэгтэй тус байгууллагын албан бланкан дээр эсвэл Оросын Холбооны Улсад суугаа  тухайн улсын элчин сайдын яамны дипломат ноот бичгээр байх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай мэдээлэл, сурвалжлагчийн намтар, түүний сурвалжлагчийн үйл ажиллагааны тухай тодорхойлолт, хоёр хувь цээж зургийг хавсаргана.

Үүнээс гадна оросын иргэдийн хувьд ОХУ-ын ГХЯ-нд энэхүү асуудлаар хандахдаа ОХУ-ын орон нутгийн Татварын албанд бүртгүүлсэн тухай тодорхойлолтыг өгөх шаардлагатай.

5. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчоог нээх тухай шийдвэрийг ОХУ-ын ГХЯ хүсэлтийг хүлээж авснаас хойш хоёр сарын дотор гаргаж, сурвалжлагчийн товчоог нээсэн тухай гэрчилгээг олгоно.

6. Оросын Холбооны Улсад суугаа гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчаар иргэншил хамааралгүй, тогтмол хэвлэл, радио, теле, видео, баримтат кинохөтөлбөр  болон тогтмол түгээх олон нийтийн хэвлэл мэдээллийн бусад хэлбэрийн төлөөлөгчид томилогдож болно.

7. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийг томилох тухай хүсэлтийг  гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага энэхүү Дүрмийн 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу ОХУ-ын ГХЯ-нд гаргана.

8. ОХУ-ын ГХЯ-ны дэргэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчийг томилох тухай шийдвэрийг энэхүү Дүрмийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд гаргана.

9. Томилогдсон сурвалжлагч нарт гадаад сурвалжлагчийн үнэмлэх хоёр жилийн хугацаатай олгоно.

10. Сурвалжлагчийн гэр бүлийн гишүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчийн гэр бүлийн гишүүний үнэмлэх мөн хугацаагаар олгоно.

11. Тусгай сурвалжлагчаар иргэншил хамаарахгүй, ОХУ-ын ГХЯ-наас авсан визээр зарим арга хэмжээг сурвалжлахаар ОХУ-д  өөрийн редакцийн даалгавраар ирсэн сурвалжлагч нарыг түр томилж болно. ОХУ-д оросын аль ч бусад байгууллагын урилгаар орж ирсэн сурвалжлагч нар эдгээр байгууллагын удирдлагын хүсэлтээр ОХУ-ын ГХЯ-ны дэргэд томилогдоно.

12. ОХУ-ын ГХЯ-ны дэргэд  түр томилогдсон тусгай сурвалжлагч нарын зэрэглэлд үндсэн сурвалжлагчийг амралт авсан, өвчтэй байх, бусад улс руу томилолтоор явах үед орлохоор ОХУ-д ирсэн сурвалжлагч нарыг тооцож болно.

13. Тусгай сурвалжлагч нарт зургаан сар хүртэл сунгаж болох гурван сар хүртэл хугацаатай тусгай сурвалжлагчийн үнэмлэх олгоно.

14. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчооны техникийн ажилтнаар  иргэншил хамаарахгүй, сурвалжлах товчоонд продюсер, редактор, нарийн бичгийн дарга – орчуулагч, теле кинотөхөөрөмж, холбооны хэрэгслийн үйчилгээний ажилтнаар ажиллаж буй хүмүүс бүртгүүлж болно.

Сурвалжлагчийн товчоонд өөр төрлийн ажил гүйцэтгэж буй хүмүүсийг үйлчилгээний ажилтнаар тооцон сурвалжлагчийн товчооны техникийн ажилтнаар бүртгүүлэх боломжгүй.

15. Техникийн ажилтныг бүртгүүлэх тухай хүсэлтийг ОХУ-ын ГХЯ-нд  гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  удирдлага эсвэл ОХУ-ын ГХЯ-ны дэргэд бүртгэлтэй гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагч энэхүү Дүрмийн 4 дүгээр зүйлд заасан журам хэлбэрээр гаргана.

16. ОХУ-ын ГХЯ-нд  техникийн ажилтныг бүртгэх тухай шийдвэрийг хүсэлтийг авснаас хойш хоёр сарын хугацаанд гаргана.

17. Бүртгүүлсэн техникийн ажилтнуудад хоёр жил хүртэл хүчинтэй гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчооны техникийн ажилтны үнэмлэхийг олгоно.

18. Гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  удирдлага сурвалжлагч (техникийн ажилтан) - ийн үнэмлэхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг ОХУ-ын ГХЯ-нд түүний хүчинтэй хугацаа дуусахаас арван таван хоногийн өмнө гаргана. Техникийн ажилтны үнэмлэхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг мөн ОХУ-ын ГХЯ-ны дэргэд томилогдсон сурвалжлагч гаргана.

19. Сурвалжлагчийн товчооны сурвалжлагч эсвэл техникийн ажилтан үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд ОХУ-ын ГХЯ-нд заавал мэдэгдэх үүрэгтэй.

20. Томилогдсон сурвалжлагч нь шинээр нээгдсэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  удирдлагын хүсэлтийн дагуу дахин томилогдож болно. Дахин томилох тухай шийдвэр нь хоёр сарын хугацаанд гарна.

21. Сурвалжлагчийн товчооны сурвалжлагч болон техникийн ажилтнаар гадаадын дипломат төлөөлөгчийн газар ба консулын байгууллага, цэргийн атташе, ОХУ-д бүртгэлтэй нисэхийн компани, банк, худалдаа аж үйлдвэр ба зуучийн пүүсийн  ажилтнууд, мөн оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилтай хүмүүс томилогдох, бүртгүүлэх боломжгүй.

22. Хэрэв гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  удирдлагын санал болгосон хүмүүс нь Оросын Холбооны Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, ОХУ-ын ««Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай» хуулийн 48 дугаарт заасан тохиолдолд, мөн Иргэний ба улс төрийн олон улсын пактын 19 ба 20 дугаар зүйлийг үндэслэн ОХУ-ын ГХЯ тэдгээрийн томилгоо (бүртгэл) - г хүчингүй болгож болно.

23. ОХУ-ын ГХЯ нь оросын сурвалжлагч нарт хязгаарлал тавьдаг улс орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагч нарт хариу арга хэмжээ авч болно.

24. Томилгоотой гадаадын сурвалжлагч нар өөрийнхөө үйл ажиллагааг ОХУ-д дуусмагц тэдгээрт олгосон үнэмлэхийг ОХУ-ын ГХЯ-нд буцааж өгнө.

25. Хэрэв Оросын Холбооны Улсын олон улсын гэрээнд өөр журам тогтоогоогүй бол шинээр томилогдсон гадаадын иргэн сурвалжлагч (тусгай сурвалжлагч, техникийн ажилтан) нар Оросын Холбооны Улсын консулын байгууллагаас олгосон орох визтэй паспорт болон түүнийг орлох бичиг баримтаар Оросын Холбооны Улсад нэвтэрнэ.

Оросын Холбооны Улсын консулын байгууллага нь  дээр дурьдсан хүмүүст орох визийг ажлын таван хоногийн дотор  ОХУ-ын ГХЯ-ны тэдгээрийг томилох (бүртгэх) зөвшөөрөл байвал харилцан адил нөхцөлөөр олгоно.

26. Хоёр талын зохих хэлэлцээрээс өөр бусад хоёр талын тохиролцоо байхгүй бол тухайн улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагчийн товчооны томилогдсон сурвалжлагч ба бүртгэлтэй техникийн ажилтнуудад тэдгээрийн байнга оршин суугаа газраас хамааралгүй олон удаагийн орох-гарах визийг нэг жилийн хугацаатай олгоно.

27. Үндсэн сурвалжлагчийг түр орлох үед (амралт авсан, өвчтэй байх, бусад улс руу томилолтоор явах г.м.) түүний орны хүмүүст  орох визийг энэхүү  Дүрмийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу олгоно.

28. Гадаадын сурвалжлагч, техникийн ажилтан ба тэдгээрийн гэр бүлийн гишүүд Оросын Холбооны Улсад ирмэгц амралтын ба баярын өдрийг оролцуулалгүй хуанлийн гурван өдрийн дотор ОХУ-ын Дотоод хэргийн яамны зохих байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

29. Оросын Холбооны Улсад томилгоотой гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  сурвалжлагч нар иргэншил хамааралгүй Оросын Холбооны Улсын олон улсын гэрээ ба хууль тогтоомж, мөн энэхүү Дүрэмд заасан сурвалжлагчийн эрх ба үүргийг эдлэнэ.

30. Томилгоотой сурвалжлагч нар Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчихгүй, гишүүдийнхээ баталсан дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах мэргэжлийн сурвалжлах байгууллагыг байгуулах эрхтэй.

31. ОХУ-ын ГХЯ-ны дэргэд томилгоотой гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  төлөөлөгчид ба тэдгээрийн гэр бүлийн гишүүд нь өөрийн хувийн зочноор гадаад улсын иргэдийг урьж болно. Тэд ний визний асуудал ба ОХУ-д байхыг албан ёсны болгох асуудлыг ОХУ-ын ГХЯ-аар дамжуулан шийднэ.

32. Оросын Холбооны Улсад томилгоотой гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн  төлөөлөгчид  - сурвалжлагчийн товчооны сурвалжлагч ба гадаад ажилтнууд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахын тулд  гаалийн журмын дагуу офисийн тоног төхөөрөмж, компьютер, радио ба телевизийн техник, мэргэжлийн аудио, видео, кино ба гэрэл зургийн аппарат төхөөрөмж, дурьдсан эд зүйлсийн  сэлбэг хэрэгсэл, туслах материал, төрөл бүрийн агууламжтай мэдээллийн материал, ахуйн хэрэглээний эд зүйлс,  хувийн хөнгөн тэрэг (сурвалжлагчийн товчооны сурвалжлагч ба гадаад ажилтан бүрт нэгээс дээшгүй)  ОХУ-д томилгоотой байх хугацаандаа гаалийн татвар хураамжгүй оруулах ба эдгээр эд хөрөнгийг томилгооны хугацаа дуусахад ОХУ-ын нутаг дэвсгэрээс гаргах нөхцөлтэйгээр гаргаж болно. (Энэхүү заалтыг 1999 оны 8 дугаар сарын 20-нд ОХУ-ын Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № 899 тоот тогтоолоор шинээр найруулан оруулав).

33. Сурвалжлагчийн товчооны томилгоотой сурвалжлагч ба гадаад ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд нь Оросын Холбооны Улсад суугаа дипломат корпуст үйлчлэх ОХУ-ын ГХЯ-ны зохих салбаруудаас үзүүлж буй үйлчилгээг авч болно.

34. ОХУ-ын ГХЯ-ны дэргэд томилгоотой гадаадын сурвалжлагч нар  адил байх зарчимд үндэслэн  орох тусгай зөвшөөрөл шаардагдах хаалттай объектуудаас бусад Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй.

35. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч (техникийн ажилтан) – аар томилогдсон (бүртгэгдсэн) ОХУ-ын иргэд гадаадын сурвалжлагч (техникийн ажилтан) – ийн статусыг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үед эдлэнэ.

36. «Онцгой байдлын тухай» Холбооны хуулийн  12 дугаар зүйлийн дагуу Оросын Холбооны Улсын бүх нутаг дэвсгэрт онцгой байдал тогтооход ОХУ-ын нутаг дэвсгэрт гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нарыг байлгах тусгай журам тогтоож болно.

«Онцгой байдлын тухай» Холбооны хуулийн  18 дугаар  зүйлийн дагуу Оросын Холбооны Улсын зарим нутагт онцгой байдал тогтооход онцгой байдал тогтоогдсон бүсийн комендант  энэ нутаг дэвсгэрт гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нарыг байлгах тусгай журам болон тэдгээрийн ажлын горимыг тогтоож өгнө. ( Энэхүү заалтыг 2002 оны 6 дугаар сарын 19-нд ОХУ-ын Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн № 392 тоот тогтоолоор нэмж оруулав)