Back

Оросын өдөр

Оросын өдрийг 1992 оны 6-р сарын 12-ноос хойш ОХУ-ын төрт засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн ба энэхүү өдрийг ЗСБНХОУ Төрийн бүрэн эрхт байдлаа тунхагласан ойд зориулсан билээ. Харин 2002 оноос хойш уг баярыг «Оросын өдөр» гэх болов. Зарим тохиолдолд эл өдрийг «Оросын тусгаар тогтнолын өдөр» хэмээн андуурч нэрлэдэг учир энэ баярын нэрийг тусгайлан протоколчилжээ. Учир нь «Тусгаар тогтнолын өдөр» нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг юм. Ийнхүү 6-р сарын 12-ны баяр нь «Оросын өдөр» болов.

Энэ баярын салшгүй хэсэг нь төрийн ёслол бэлгэдлүүдээс гадна тамирын тэмцээнүүд, марафон гүйлт, дугуйн уралдаан, хотын болон цэргийн ангиудын задгай талбай дээрх тоглолтууд зэрэг билээ. Тэгвэл энэхүү баяр нь бусад баяруудаас юугаараа ялгаатай юм бэ? Бүс нутаг, засаг захиргааны түвшинд бус хувь хүний, гэр бүлийн түвшинд энэхүү баярт бэлдэх нь харьцангуй цомхон юм уу даа? Гацуур мод чимэглэх, эсвэл хус модыг хугалж, тусгай бялуу жигнэх шаардлагагүй. Тэгвэл юу хийх хэрэгтэй гэж?

Магад 6-р сарын эл өдөр чи «энэ орон» бус Эх оронтой гэдгээ санаж, оюун ухаан, сэтгэл санаа, газар зүй, түүхэн орон зайн хувьд асар том Орос орноо санах хэрэгтэй болов уу. Чамд эр зоригт дайчин эрсийн, сайн хөршийн болон найрсаг зочломтгой зан заншлуудаараа баялаг нутаг чинь, мөн зах хязгааргүй хээр талыг тариалсан, олон сайхан хотуудыг босгосон, олон ястан үндэстнүүдийг нэг улс болгон нэгтгэсэн өвөг дээдэс чинь байна. Оросыг христийн шашинт үндэстнүүдийн гэр бүлд хамруулж соёл иргэншлийн сонголт хийсэн Их гүн Владимирыг эргэн санацгаая. Орос нутгийн алдарт баатрууд болох Александр Невский, Дмитрий Донской, Александр Суворов болон 1812 оны ба Аугаа их Эх орны дайны баатруудын сайхан нэрсийг дурсацгаая. Тэд Орос орондоо хайртай байсан бөгөөд түүнийгээ «Элгэн нутаг минь, Эх орон минь» гэж нэрлэдэг байснаас «энэ орон» гэдэггүй байж. Тэд эх орондоо хайртай байсан.

Эх нутгаасаа цагаачлахаас өөр аргагүй байсан Оросын гүн ухаантан Иван Ильин ихийг бодож, зовж шаналж байхдаа алс холын эх орныхоо тухай: «Орос орон минь... Түүний тухай ярьж болно гэж үү? Тэр маань яг л амьд нууц шиг: түүгээр амьдарч болно, түүнд дурлаж, санагалзан шаналж болно, түүнд залбирч болно; түүнийг ойлголгүйгээр элэг зүрхэндээ хадгалж; ийнхүү аз жаргалыг хайрласан Бурхан тэнгэртээ талархаж, дуугаа хураана...» хэмээн бичиж байжээ.

 

Эх сурвалж: https://interaffairs.ru/news/show/68

Зохиолч: Елена Студнева