ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагаа - Ярилцлага, мэдэгдэл
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагаа
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайдаар томилогдсоноос хойш найман жил болох гэж байна. Та бараг л Монголд хамгийн удаан хугацаанд ажиллаж, амьдарч буй Элчин сайдын нэг байх. Өнгөрсөн хугацаанд манай улсад амьдрахын давуу болон бэрхшээлтэй тал нь юу байсан бэ?
Би Монгол Улстай харилцаа холбоо хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 14 жил ажиллаж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж байхдаа тэр үед хамтарсан байсан «Эрдэнэт», «Монголросцветмет» компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан бол сүүлийн 8 орчим жил Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байна. Ийнхүү туршлагынхаа үүднээс хэлэхэд танай улс хэний ч зүрх сэтгэлд хүрч чаддаг гэж хэлмээр байна. Эхэн үедээ их газрын эрс тэс уур амьсгалд дасахад амаргүй байсан ч монголчуудын, тэр дундаа улс төрийн элитийн ч, эгэл жирийн ард иргэдийн ч Орос оронд болон оросуудад хандах халуун дулаан хандлага нь ямар ч цаг агаарын хүйтний эрчийг суллаж чаддаг ба энэ нь миний ажилд маш их дөхөм болдог.
Монголчуудын цайлган цагаан сэтгэл, нээлттэй сайхан ааш араншин, эгэл харилцаа надад их таалагддаг. Оросууд болон монголчууд өөр хоорондоо адилгүй ч сэтгэлгээний хувьд маш ойролцоо ба энэ нь манай ард түмнүүдийн найрсаг дотно харилцааны хамгийн бат бөх үндэс суурь юм.
Таны бодлоор өнгөрсөн найм орчим жилийн хугацаанд дахь манай улсын ололт амжилт, алдаа дутагдал юу байв. Анх Улаанбаатарт томилогдон ирээд ажиллаж, амьдрахад тань тулгамдаж байсан бэрхшээл одоо шийдэгдсэн үү?
Аливаа алдаа онооны талаар монголчууд өөрсдөө л ярих эрхтэй. «Алдаан дээрээ суралц» гэдэг сайхан үг нь зөвхөн та өөрөө л өөрийнхөө замыг тодорхойлох ёстой гэсэн санааг илэрхийлнэ. Өөрийнхөө зүгээс бол би та бүхэнд зөвхөн амжилтыг л хүсэн ерөөе.
Таныг Элчин сайдаар томилогдсоноос хойш хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэхүйц томоохон ямар үйл явдлууд болсон бэ товчхон дурдвал?
Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын дээд удирдлагын дэмжлэг, шууд оролцоотойгоор бид бүх талын харилцаа холбоогоо түүхэн хөршүүд болон найз нөхдүүдэд тохирсон өндөр түвшинд гаргаж чадсан. Бид улс төрийн байнгын яриа хэлэлцээний механизмыг сэргээж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ төслүүдийг эрэлхийлж, хүмүүнлэгийн хэлхээ холбоог их сайн бэхжүүлж байна. 2019 оны 9-р сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай шинэ гэрээг хугацаагүйгээр байгуулсныг томоохон ажлуудын тоонд хамруулж болно. Энэхүү баримт бичиг нь Монгол-Оросын харилцааны онцгой шинж чанарыг илэрхийлээд зогсохгүй бидний ирээдүй, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлно. Гэрээ нь 2020 оны 9-р сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын яриа хэлэлцээнд аль хэдийнээ эерэг нөлөө үзүүлж эхэлснийг мэдэрсэн.
2014 оны 11-р сарын 14-нд Ерөнхийлөгч Владимир Путины тэр оны 9-р сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан гэрээний үндсэн дээр Монгол, Оросын хооронд тогтоогоод байсан визний дэглэмийг цуцлав. Түүнээс хойш манай хоёр орны иргэд өөр хоорондоо 30 хүртэл хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болсон. Үр дүнд нь бизнесийн болон жуулчдын аяллын тоо эрс нэмэгдэж, хил орчмын бүс нутгийн оршин суугчид хоорондоо ойр дотно харилцаж эхлэв.
Цар тахлын өмнө хоёр талын худалдааны эргэлт бараг хоёр тэрбум долларт хүрсэн байсан бөгөөд 2020 оны хүнд хэцүү үеийн бууралт маш бага байсан. Харин өнгөрсөн жил бид танай худалдааны түншүүдийн жагсаалтын хоёрдугаарт бус гуравдугаарт бичигдсэн нь Монгол Улс Швейцарт их хэмжээний алт нийлүүлсэнтэй холбоотой юм.
Зөвхөн түлш, эрчим хүчний цогцолбор төдийгүй цахилгаан эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй урагшилж байна. Тухайлбал, Улаанбаатар дахь ДЦС-4-ийг сэргээн завсарласан ба энэхүү төсөл нь бидний хамтын ажиллагааны зөвхөн нэг жишээ юм.
Бүс нутгийн интеграцийн санаачлагыг хөгжүүлэх явцад чухал ахиц гарсан. 2014 оноос эхлэн Монголын талын санаачилгаар Монгол, Орос, Хятадын удирдагчид тогтмол уулзах болсон. Эдийн засгийн гурван талт коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, түүний хүрээнд тэргүүлэх чиглэлийн 32 төслийн жагсаалтыг баталж, нэн тэргүүний төслүүдийг тодорхойлов. УБТЗ-ыг тээврийн коридорын төв шугам хэмээн үзэж, шинэчлэх болсон ба мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барих төслийг эхлүүлсэн зэргийг онцгойлон тэмдэглэмээр байна.
2020 оноос хойш ЕАЭЗХ ба Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын хэсэг худалдааг либералчлах боломжийг тодорхойлох, Монголын өндөр чанартай бараа бүтээгдэхүүн Холбооны гишүүн таван орны зах зээлд чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг судалж байна.
Хүмүүнлэгийн салбар дахь харилцан солилцоо хэрхэн эрчимжсэн талаар тусад нь ярих хэрэгтэй.
Энэ бүх ололт амжилт нь манай монгол найз нөхөд болон бид бүхний хамтын хүчин зүтгэлийн үр дүн билээ.
Монгол болон ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохионо. Манай улсын хувьд ОХУ-тай тогтоосон харилцаа хамгийн урт удаан үргэлжилж буй нь. Элчин сайдын яамнаас ойн хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хөтөлбөрийн хүрээнд бид энэ жил 90 гаруй хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон ба үүнд харилцан айлчлал, түүний дотор өндөр түвшний айлчлал, үзэсгэлэн, форум, чуулга уулзалтууд, аливаа уралдаан тэмцээн гээд олон арван ажил зохион байгуулна. Ташрамд дурдахад, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан ОХУ-д айлчлаад ирсэн билээ. Зохион байгуулах гэж буй арга хэмжээнүүдийн хэлбэр нь цар тахлын цаашдын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалах боловч бид бүгдийг нь амжилттай хэрэгжүүлж чадна гэж найдаж байна.
Улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай хоёр талын хэд хэдэн шинэ баримт бичгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн манай хоёр орны бүс нутгуудын хооронд хамтын ажиллагаа өрнүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Элчин сайдын яам нь Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Худалдааны төлөөлөгчийн газар, Дархан дахь Ерөнхий консулын газар болон Оросын гадаад улс орнууд дахь бусад төлөөлөгчийн газруудын хамт Монгол Улсад зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээнүүдэд оролцох болно.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа хамгийн хүйтэрсэн үе нь болон оргилдоо хүрч идэвхжсэн нь хэдийд байсан бэ?
Бидний харилцаа хэзээ ч хүйтэн байгаагүй. Социализмын замаас хальсны дараа хэсэг хугацаанд Монгол болон Орос орнууд нь дотоодын асуудлууддаа илүү анхаарч, хүнд хэцүү өөрчлөлтүүдийг хийгээд, нэлээд завгүй байсан. Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд түүхэн Орос улс гол үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс хоорондоо салшгүй холбоотой ба үүнийг бүгд мэднэ. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд бид хүнд хэцүү 1990-ээд оныг даван туулж, шинэ бодит байдал, хэтийн төлөвт суурилсан замаар хамтдаа алхалж байна. Тиймээс Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарсан нь үүний логик үр дүн юм.
ОХУ-аас Хятад Улсад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг “Газпром” компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталсан. Техник эдийн засгийн судалгааг батлахад БНХАУ ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Хятад нь тухайн хоолойгоор дамжуулах байгалийн хийн эцсийн хэрэглэгч тул түүний энэ төсөлд оролцох оролцоо, мэдээжийн хэрэг, маш чухал. Хятадын түншүүд төсөлд улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бид түүнийг нь сайн мэдэрч байна.
Энэхүү төсөл нь юуны түрүүнд арилжааны төсөл учир түүний практик хэрэгжилтэд гол үүргийг «Газпром» НХН, БНХАУ-ын Нефть, хийн үндэсний корпорац (CNPC) болон Монголын талаас төрийн өмчит «Эрдэнэс Монгол» компани гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар Газпром монгол түншүүдтэйгээ хамтран төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр боловсруулж байгаа.
Техник эдийн засгийн судалгаа одоогоор яг ямар түвшинд явж байгаа вэ?
Судалгааны ажил нь дууссан ба 2021 оны 3-р сард ажлын айлчлалын хүрээнд Газпромын ТУЗ-ын орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид төслийн маршрутын дагуу нислэг үйлдэж, тандалт хийсэн. Монгол Улсын Засгийн газар болон Газпромын хамтарсан ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. 2021 оны 4-р сард «Союз Восток» хий дамжуулах хоолой барих ТЭЗҮ-ийг батлав. Төслийн дүн шинжилгээ нь эерэг гарсан. ТЭЗҮ-ийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан тусгай зориулалтын «Союз Восток хийн хоолой» компани боловсруулж байгаа ба бүх ажил нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа, оны эцэс гэхэд дуусгавар болно.
Гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд баталсан ч төдийлөн урагшлахгүй байна гэх шүүмж байдаг. Тэгвэл та энэ хөтөлбөрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Энд ямар нэгэн үл ойлголцол байгаад байх шиг байна. Бид олон тэрбум долларын өртөгтэй, хэдэн арван жилийн турш хэрэгжих гео эдийн засгийн төслийн талаар ярьж байна. Ийм нүсэр ажлыг ид шидээр мэт нүд ирмэхийн зуур хэрэгжүүлэх боломжгүй. Юуны түрүүнд олон улсын эрх зүйн орчин, гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм бүрдсэн гэдгийг хэлье. Түүнчлэн гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх «замын зургийг» боловсруулсан. Цар тахлын улмаас бидний ажлын эрч буурсан ч би энд бид юу хийж амжуулсныг сануулмаар байна. 2018 оны 9-р сард тэргүүлэх төслүүдийг тодорхойлсон Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Үүнд бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах, юуны түрүүнд Төмөр замын төв коридорыг (Улаан-Үүд - Наушки – Сүхбаатар – Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн - Улаанцав – Жанчхүү - Бээжин - Тяньжин) байгуулах зэрэг ажлууд багтсан ба үүнд «Улаанбаатар төмөр зам» ХК (УБТЗ) гол үүргийг гүйцэтгэнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийг бүхэлд нь хөгжүүлэх, 2030 он гэхэд нэвтрүүлэх чадварыг нь жилд 54 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ыг үе шаттайгаар шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийг «Оросын төмөр зам» НХН-ийн толгой байгууллага болох «Мосгипротранс» эрдэм шинжилгээний хүрээлэнгийн идэвхтэй оролцоотойгоор боловсруулсан. Төмөр замын шинэ маршрутуудыг боловсруулах, барих гэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, мөн саяхан шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Таван толгойн нүүрсний ордоос Зүүнбаян өртөө хүртэл төмөр замын барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-ын төмөр замаар дамжин өнгөрүүлэх үүднээс Засгийн газар хоорондын холбогдох баримт бичгүүдийг байгуулав. Тухайлбал, Орос улстай байгуулсан ийнхүү гэрээ нь 3 жилийн өмнөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Монгол, Орос, Хятадын хооронд автозамын харилцаа холбоог, тухайлбал, АН-3 замыг хөгжүүлэх зорилгоор 2016 оны 12-р сарын 8-нд Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг байгуулсан. Гурван улсын ачаа тээвэрлэгчид хилийн боомтууд дээр «Гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлтийн тухай» журмыг хэрэгжүүлж, бусад улсын нутаг дэвсгэр дээгүүр үндэсний бичиг баримт, автомашины улсын бүртгэлийн дугаар зэргийг ашиглан явах боломжийг бүрэн ашиглаж байна.
2020 оны 11-р сарын 5-ны өдөр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах ажлын хэсгийн анхны хуралдаан онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, талууд төмөр замын төв коридорын ТЭЗҮ-ийг боловсруулах, Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4 маршрутаар ачаа тээвэрлэх, авто тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг барих асуудлуудыг хэлэлцэв.
Гурван талын хамтын ажиллагааны бодит үр дүнг аль болох богино хугацаанд олж харахыг хүн бүр хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дахин давтаж хэлэхэд, Эдийн засгийн коридорын хөтөлбөр нь эх газрын хэмжээний агуу төсөл тул түүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай.
Ерөнхийдөө ОХУ нь тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоо, Монголын «Талын зам» стратеги болон Хятадын «Нэг бүс-нэг зам» санаачилгыг уялдуулан нэгтгэж, Евразийн хүрээнд Их түншлэлийг үүсгэн байгуулахыг эрмэлзэж байна.
Таны бодлоор гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт Хятадын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ?
Энэ асуултад тань миний хятад хамтрагч буюу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэнруй илүү дэлгэрэнгүй хариулах болов уу гэж бодож байна. Энд түүнийг орлох хэрэг байхгүй л болов уу.
Энэ хөтөлбөрт Монголын Улсын гүйцэтгэх үүрэг юу вэ?
Монголын үүрэг оролцоо нэн чухал. Хийн хоолой, Төмөр замын төв коридор гээд олон төслүүд нь дамжин өнгөрөх шинж чанартай тул маршрутын зөв сонголт, ачааны баазын зөв үнэлгээ, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын найдвартай хамгаалалт зэрэг нь хамгийн чухал ажил болоод байна. Өөрийн нутаг дэвсгэр дээрээ ийнхүү нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд Улаанбаатар өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Мөн газрын асуудлуудыг шийдвэрлэх нь маш чухал ба энд УИХ-ын оролцоогүйгээр ажил урагшлахгүй. Гол нь байгуулсан гэрээнүүдийнхээ үг үсэг, утга агуулгыг чандлан сахиж, газар чөлөөлөх ажилд гэрээгээ зөрчиж, муу жишиг тогтоохгүй байх шаардлагатай байна.
Өнгөрсөн жилийн Ялалтын баярыг МҮОНТ-ээр нэвтрүүлээгүй. Энэ асуудал хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж, янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэ тал дээр та харин ямар байр суурьтай байна вэ?
Москва дахь ёслолын парад болон Монгол Улс дахь Их хурлын сонгууль давхацсантай холбогдуулан Үндэсний телевизийн удирдлага хэт болгоомжилсон ба түүний ийнхүү ойлгомжтой хүсэл эрмэлзэл нь нөхцөл байдалд нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Бид хатагтай Нинжжамц болон МҮОНТ-ийн шинэ удирдлагатай нэн сайн харилцаатай, урьд нь ч байсан, одоо ч ийнхүү сайн харилцаа маань хадгалагдсаар байна. Олон ой тохиосон энэ жил мэргэжил нэгт монгол болон орос түншүүд хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах сайхан боломжууд байна гэж би харж байна. Бид хэвлэл мэдээлэл, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн бүтээлч санаачлагуудыг үргэлж нээлттэй хүлээн авна.
Хувь нийлүүлсэн Төмөр зам нэгдлийн ирээдүйг хэрхэн харж байна?
Манай улсуудын найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааны бэлгэдэл болсон УБТЗ нь 2019 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн ба түүний дараагийн далан жилийн үйл ажиллагаа нь өмнөх жилүүдээсээ дутахааргүй сүр жавхлантай байх болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гэхдээ нэг болзол бий. Ачааны тээвэрлэлтийн тарифыг индексжүүлэх хөтөлбөрийг батлах шаардлагатай байна. Юуны түрүүнд энэ хөтөлбөр нь Монголын нүүрс олборлогчдын хүчин чадалд суурилах ба түүнийг, тухайлбал, 5 жилээр тооцож болно. Үгүй бол манай хамтарсан компани үйл ажиллагааны хэчнээн гялалзсан үр дүнг гаргасан ч татаасуудын ивээн тэтгэгч хэвээр, мөн 2010-2011 оныхоо түвшинд хэвээр байх болно.
Тухайн нийгэмлэг нь танай улсын эдийн засгийн хөгжлийн, түүний дотор ашигт малтмалын шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ардын аж ахуйг эрчимтэй шинэчлэхэд шаардлагатай байгаа тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүчин зүйл юм.
УБТЗ-тай холбоотой бүх асуудлуудад «долоо хэмжиж нэг огтол», «гол нь муутгахгүй байх» гэсэн зарчмаар хандах хэрэгтэй. Ташрамд хэлэхэд, Монголын зарим нийтлэгчдийн УБТЗ-ыг үүсгэн байгуулах тухай 1949 оны Зөвлөлт-Монголын хэлэлцээр «хуучирсан» гэх байр суурийнх нь талаар сэрэмжлүүлэхээс өөр аргагүй болоод байна. Бодит амьдрал дахь практик ажиллагаа тэдний ийнхүү бодол санаатай нийлэхгүй байна. Замыг цэвэр зах зээлийн нэгж болгон өөрчлөх байр суурийг баримтлаваас ийнхүү яаруу шийдвэрийн зардлыг Монголын тал дааж чадах уу гэдэг асуулт үүснэ. Тиймээс тээврийн талаарх бодол санаа нь системчлэгдсэн, хөшүүн бус байх ёстой.
Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой өрийн талаар мэдээлэл өгөөч?
11 тэрбум долларын «Их өр»-ийн асуудал аль эрт шийдэгдсэн. 2005 онд өрийг тэглэх бараг бүх арга хэмжээнүүдийг авч дууссан ба үлдсэн багахан хэсгийг 2010 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу мөн тэглэсэн. Уг гэрээг Оросын тал 2016 оны 1-р сард соёрхон баталсан. Харамсалтай нь, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль хэдийн хуучирсан энэхүү сэдвийг үе үе хөндөж, хүмүүсийг төөрөгдүүлсээр байна.
Уул уурхайн салбарт хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй ганц төсөл бол Эрдэнэт. Хоёр улсын уул уурхайн салбарын цаашдын харилцааг та хэрхэн харж байна вэ?
Оросын тал 2016 оны 6-р сард таны хэлсэн энэхүү төслөөс гарсан ба сүүлийн таван жилийн турш тус компани нь 100 хувь Монголын төрийн өмчлөлд байж, өнөөг хүртэл Монгол Улсын төсвийн орлогын хамгийн тогтвортой эх үүсвэр хэвээр байна. Энэ нь тус аж ахуйн нэгжийн удирдлага мэргэжлийн ур чадвар сайтай, хамтарсан үйлдвэрийн үеэс үлдсэн чадамжуудыг зөв ашиглаж чадсантай холбоотой юм.
Одоогийн байдлаар «Эрдэнэт үйлдвэр»-тэй өрнүүлж буй хамтын ажиллагаа нь арилжааны зарчмаар явагдаж байна. Тодруулбал, «Росгео» ХК «Эрдэнэт» зэсийн ордны хүдрийн коридорт таамаглал-судалгааны геологи хайгуулын ажлыг, мөн үйлдвэрийн хаягдлын овоолго дээр инженер, геологийн судалгааг хийж байна.
Уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны тухайд гэвэл эдийн засгийн хувьд баталгаажсан Монгол түншүүдийн саналыг сонсмоор байна. Жишээлбэл, «Асгат»-ыг ашиглалтад оруулахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Тиймээс хөрөнгө оруулалтын хэмжээ, хамрах эх үүсвэртэй холбоотой бүх хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байна. Энэхүү мөнгөний орд нь Монгол, Оросын хилийн зурвас дээр байрлах тул гуравдагч орнуудын хөрөнгө оруулагчдыг татах нь манай хоёр орны аюулгүй байдлыг хангах асуудалтай хэрхэн зохицож байгааг судалж үзэх хэрэгтэй болж байгаа юм.
Ерөнхийдөө бол Оросын тал нь уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа сэргээх сонирхолтой байгаа. Ийнхүү 2019 оны 9-р сард «Росгео» ХК ба Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд газрын хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдав. Оросын компани нь газрын тос болон бусад ашигт малтмалыг хайх, мөн бусад геологийн хайгуулын ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна.
Ташрамд дурдахад, монгол найз нөхдөд маань Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чиглэлд бодит хөршүүдтэйгээ бус «гуравдагч хөршийн» корпорацуудтай хамтарч ажиллахыг эрхэмлэх тухай мэдэгдлүүд нь, тухайлбал, танай улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч байсан зарим нэг хүмүүсийн мэдэгдлүүд үнэн бодит байдалтай хэрхэн нийцэж байгааг нарийвчлан судалж үзэх хэрэгтэй болов уу. Уг шинжээч нь Монголын тал болон, тухайлбал, «Рио Тинто» группийн хооронд өрнөж буй харилцаа холбоо нь үндэсний ашиг сонирхол ялгуусан ялалт байгуулсан түүх хэмээн үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнийг улсдаа айлчлахыг урьсан. ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын талаар мэдээлэл байна уу?
ОХУ-ын Ерөнхийлөгч 2014, 2019 оны 9-р саруудад Улаанбаатарт айлчилж байсан. Цар тахлаас өмнө төрийн тэргүүнүүд маань жилд хэд хэдэн удаа уулздаг байсан боловч халдварт өвчин газар авсан хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас ийнхүү уулзалтуудыг 2020 онд болон 2021 оны хавар зохион байгуулах боломж байгаагүй. Тэгсэн ч талууд тогтмол утсаар ярилцаж, захидал солилцож байна.
2020 оны 9-р сарын 21-нд болон 2021 оны 6-р сарын 1-ний өдрүүдэд Москва хотноо болсон Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтуудын үеэр энэ ойн жилд томоохон айлчлалуудыг зохион байгуулах талаар ярилцсан. Цар тахлын нөхцөл байдал боломжтой болбоос айлчлалуудын тухай тодорхой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан цацах болно. Энэ нь Монгол дахь Ардын хувьсгалын 100 жилийн ой, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан баяр ёслолуудын арга хэмжээнүүдэд мөн хамааралтай. Коронавирус намжсаны дараа Монгол Улсын шинэ ерөнхийлөгч 2021 ондоо багтан ОХУ-д айлчлах тухай асуудал мөн бодит түвшинд гарч ирнэ гэдэгт найдаж байна.