«Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд» бизнес уулзалт боллоо - Эдийн засгийн мэдээ
«Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд» бизнес уулзалт боллоо
2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын «Блю Скай» цамхагт «Буриадын хөрөнгө оруулалтын боломжууд» бизнес уулзалт болж өнгөрсөн ба түүнд Орос, Монголын 400 гаруй бизнесменууд оролцсон юм.
Арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов хүрэлцэн ирсэн ба түүнийг нэр хүндтэй төлөөлөгчид дагалдаж байв. Бага хурлын нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Оросын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Б.Лхагважав нар оролцов.
Бага хурлын үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга, Хөдөө нутгийн хөгжлийн болон газар тариалангийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй яамны сайд Д.-Ж.Ш.Чирипов, Бүгд Найрамдах Буриад Улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд А.С.Мишенин, «Бүгд Найрамдах Буриад Улсын бүс нутгийн хөгжлийн сан»-гийн тэргүүн К.П.Ботоев, «Аэропорт Байкал» ХХН-ийн ерөнхий захирал Е.А.Сивцов нар илтгэл тавив.
Мөн Улаан-Үүд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит улсын клиникийн эмнэлэг болон Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа.