Back

ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын түүхэн байрны нээлтэд оролцов

ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын түүхэн байрны нээлтэд оролцов

Эх сурвалж: government.ru

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нарын ажлын уулзалт уламжлалт ёсоор найрсаг орчинд болов. Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөгөө гаргав. Хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх сэдвүүд гэвээс Орос, Монголын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг 2030 он хүртэл шинэчилж хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр, бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах болон Владивостокт Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх явдлууд, мөн түүнчлэн эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуйн салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг юм.

Улаанбаатар хотноо 5-р сарын 30-нд зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын комиссын 22-р хуралдааны үр дүнд хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар 67 зөвлөмж боловсруулагдсан бөгөөд Монголын тал хэлэлцүүлгийн үеэр гарсан бүх саналуудыг анхааралтай хүлээн авч, тэднийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа хэмээн Ө.Энхтувшин цохон тэмдэглэв.

А.Гордеев үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн хүн амд Монголын ард түмэн тусалсанд талархал илэрхийлэв. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад ирэхээсээ өмнө Эрхүү хотоор дайран, сэргээн босголтын ажлын явцтай танилцаж байгаа тул ЗГХК-ын хүрсэн тохиролцоо болон гаргасан шийдвэрүүдийг уялдуулах нь чухал болохыг тэмдэглэв. Улаанбаатарт болох дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж буй Орос, Монголын хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл байгуулах гэрээний нөхцлүүдийг өчигдөрхөн орой эцсийн байдлаар тохиролцсон учир өнөөдөр ийнхүү уялдуулах нь илүү ач холбогдолтой хэмээн тэрээр тодотгов. Шадар сайд Монгол Улс бусад улс орнуудтай ийнхүү иж бүрэн хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж байгаагүйг цохон тэмдэглэв.

А.Гордеев түүнчлэн энэ онд Орос, Монголын худалдааны эргэлт тасралтгүй өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Владивосток хотноо нээгдэх Монголын худалдааны төлөөлөгчийн газар нь худалдааны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ба үүний тулд 1957 оны худалдааны гэрээг ойрын хугацаанд шинэчлэх болно гэж А.Гордеев хэллээ.

Монголын талын хүсэлтийн дагуу малыг вакцинжуулах ажил үргэлжлэх ба Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг эхлүүлэх тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн яаманд өгөх Шадар сайдын холбогдох тушаал удахгүй бэлэн болно.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, түүний дотор Улаанбаатрын ДЦС-4, ДЦС-3 зэрэг одоогийн байдлаар ашиглалтад байгаа байгууламжуудыг шинэчлэх томоохон төслүүдийн хэрэгжилт нь хэлэлцээний дараагийн чухал сэдэв байв. А.Гордеев ОХУ-ын “Ротек” холдингтой хамтран ТЭЦ-4-ийн турбины цехийн техникийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ турбиныг өнөөдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ч ТЭЦ-3-ийг шинэчлэхэд тодорхой бэрхшээл тулгарч байгааг хэллээ. Төслийг хэрэгжүүлэх харилцан ашигтай загвар боловсруулахын тулд өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах, түүний бүрэлдэхүүнд «Интер РАО – Экспорт» ХХН, ДЦС-3 ХК, түүнчлэн Эрчим хүчний яам, ОХУ-ын Эдийн засгийн яам, МУ-ын Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг багтаах санал гаргалаа. Ө.Энхтүвшин бүх гэрээнүүдийг уялдуулах ажлыг хурдасгахын тулд тусдаа тушаал гаргана гэж хариулав.

Талууд түүнчлэн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт болон түүнд Роснефть оролцох хэтийн төлөвийн талаар ярилцав. А.Гордеев 2018 онд Оросын тал Монгол Улсад нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 1.5 сая тоннд хүрч, таван жилийн хугацаанд тав дахин өссөн гэдгийг тэмдэглэв. Үүнд 2014 онд Роснефтийн шугамаар байгуулсан урт хугацааны гэрээ маш их хувь нэмэр оруулсан. Роснефть нь логистикийнхоо давуу тал, Монголын зах зээл дээр олон жил амжилттай ажилласан туршлага дээрээ тулгуурлан энэхүү төслийн сайн түнш болж, шинэ нисэх буудалд онгоцны түлш нийлүүлэх операторын статусыг авах боломжтой хэмээн үзэж байгаагаа ОХУ-ын Шадар сайд илэрхийлэв.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр барьж байгуулсан хуучин ЗСБНХУ-ын газар, барилга байгууламжуудыг ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулах ажиллагааг дуусгавар болгох, Монгол дахь Оросын орон сууцуудын тухай албан тоотууд солилцох хэлбэрээр байгуулсан гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон батлах тухай хэлэлцэв. Ө.Энхтүвшин УИХ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг дуусгавар болгосны дараа буюу энэ оны 10-р сард энэхүү ажиллагааг дуусгана гэж хэллээ.

ЗГХК-ын дарга нар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн болон Монгол Улсад ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолуудад оролцов. А.Гордеев Оросын худалдааны төлөөлөгчийн газар нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд улам эрч хүчтэй ажиллаж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 2 тэрбум долларт хүргэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Ийм даалгавар ЗГХК-ын 22-р хуралдааны эцсийн протоколд тусгагдсан болно.

Худалдааны төлөөлөгчийн газар түүхэн байрандаа нээгдсэн ба үүний дараа Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэгдсэн олон тооны баримт бичгүүдэд, тэр дундаа Орос-Монголын Бизнес Зөвлөлийн ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурснаар ёслолын ажиллагаа өндөрлөв. Бизнес Зөвлөлийн шинэ дарга нараар «Ротек» ХК-ийн ТУЗ-ийн дарга М.Лифшиц, «Эрдэнэт үйлдвэр» ТӨК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар сонгогджээ.